Тэр уурлачихжээ. Яасныг нь мэдэхгүй ч нэг харахад уурлачихсан байх нь тэр. Эргэн тойрноо сайтар харсан боловч уурлахаар юм юу ч олж харсангүй. Гайхширлаа. Яриандаа болоод хэзээ уурласныг нь, уурлаад хэр зэрэг удаж байгааг нь мэдээгүй байлаа би. Бодлоо. Ерөөсөө уурыг нь гаргая. Уурлуулж лав болохгүй. Ууртай байна гэдэг чинь сайхан юм биш шүү дээ. Сайхан санаа олсондоо баярлав. Уурыг нь гаргаад хөгжөөгөөд өгье тэгвэл. Өмнө нь очиж зогсоод Евгений Онегин дуурийн Ленскийн дуулдаг хэсгээс уянгалуулан дуулав. Болсонгүй. За хоолой хүрээгүй байх нь. Үл мэдэх цэцэгхэн хотхонд нэвтрүүлгийн өхөөрдөм хэсгээс жүжиглэв. Тоосонгүй. Үнэмшилгүй харагдаж. Хунт нуурын гоцлол хэсгээс бүжиглэж үзүүлэв.
Ундууцсан царай. Хувцас нь тохиромжгүй байснаас тэр юм болов уу. Хөлөөрөө агаарт тогтож, гар дээрээ тулж үзүүллээ. Уурласан хэвээр. Би гайхширав. Мост унах гэж оролдож байгаад газарт унаж орхив. Босч суухдаа би сая нэг ядарснаа мэдрэв. Түүний өмнөөс холдож буланд байх сандалд түр амрахаар суулаа. Чив чимээгүй хэсэг амрав. Гайхалтай нам гүм амар амгалан намайг эзэмдэх нь тэр. Би жаргалтай байгаагаа гэнэт мэдрэв. Бурхан минь нам тайван байдал гэдэг чинь ийм дурлахаар агуу зүйл байжээ. Би уурласан шалтгааныг сая олж мэдэв. Түүний амар амгалан, нам гүм байдлыг би байнга хулгайлаад байгаа юм байна шүү дээ. Хэсэгхэн амран суух агшинд тэр босч ирлээ. Аль хэдийнэ уур нь гарсан харагдана. Би баярлан үсрэн босоод ам хуурайгүй элдвийг хүүрнэж гарав. Нэг хартал тэр уурлачихаж...
Saturday, March 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment